Gee: “Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл” аль дээр үeийнх нь ярилцлага шүү !!!

2010-03-24,06:00
Gee: “Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл”

Саяхан залуусын дунд, магадгүй зөвхөн хотын залуусын дунд “Hood” дуу багагүй хугацаанд хит болсон. Энэ дуун дээр “G” хорооллын хэсгийг үглэдэг Gee-тэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна !!! За тэгээд Сэтгэгдлээ үлдээхээ мартуузай !!!




-Яагаад заавал хип хоп гэж. Энэ асуултаас яриагаа эхлэх үү?
-Хүмүүс дандаа л ингэж асуух юм. Ялгаа нь ойлгомжтой ш дээ. Поп дуугаар “Чи бол өөдгүй амьтан” гэдэг ч юм уу “улс төр бүрхэг байна” гэж хэлж болохгүй биз дээ. Хип хоп бол үгийн урлаг. Тийм учраас би дуртай.

-Хип хоп чиний сонирхол юм уу?
-Хип хоп миний сонирхол. Би хип хопын сонирхол. Гэхдээ энэ сонирхол нь зүгээр нэг хөнгөн сонирхол биш бүр гүн гүнзгий донтсон сонирхол.

-Анхныхаа цомгийг гаргах гэж байгаа гэсэн?
-Анхныхаа цомгийг гаргаад нээлтийг нь баасан гаригт хийх гээд л байж байна. Их удаан хугацаанд ярьж байж л гаргалаа даа. Хит нэвтрүүлгийн дундуур явдаг байсан BAT-ийн нэвтрүүлэг байлаа. Тэнд орж Freestyle хийж түрүүлсэн юм. Тэгэхэд ВАТ надтай хамтарч нэг дуу хийснийхээ дараа “чи ямар ч хайрын дуугүй нэг цомог хийвэл яасан юм бэ” гэдэг санал тавьсан. Тэндээс л эхэлж цомогтой болох талаар бодож эхэлсэн. Бараг гурван жил бодлоо.

-Яагаад хайргүй гэж?
-Хайрын дуу Монголд хахчихсан байна. Би өөрөө хүн юм чинь мэдээж хайрлаж, дурлана л даа. Гэхдээ тэрийг заавал дуугаараа биш зүгээр биеэрээ очоод хэлчихсэн нь зүгээр юм болов уу. Хайр бол угаасаа мөнхийн сэдэв байсан. Харин одоо уйтгарын сэдэв болчихлоо. Үгнүүд нь хүртэл хоорондоо адилхан. “Чи минь хаачив, Цэцэгтэй, бороотой өдөр чи бид хоёр учирсан, цастай жиндүү өдөр чи надаас явчихлаа” гээд. Клипэн дээрээ нэг нулимас унагаагаад л боллоо.

-Тэгвэл яагаад “Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл” гэж нэрлэсэн юм бэ?
-Боловсролгүй сэхээтэн гэдэг нь намайг хэлж байгаа юм.

-Боловсролгүй хүнийг сэхээтэн гэж нэрлэх үү?
-Би рэппер байлаа гэхэд би ямар сургууль төгсөх вэ. Аль сургуульд хип хопын бакалавр, магистр цол хамгаалж байна. Нийгмийн гарал үүслийн хувьд бус харин хип хоп урлагийн хувьд би сэхээтэн хүн. Би өөрийгөө хип хопыг хийж чадаж байна гэж үзэж байгаа юм. Чадаж байгаа учраас би сэхээрсэн хүн гэж өөрийгөө хэлж байгаа. Яахав өөрийгөө жаахан дөвийлгөж үнэлж байгаа юм. Тавигдахгүй илтгэл гэдэг нь дуунуудыгаа хэлсэн хэрэг. Учир нь энд байгаа дуунууд бол нэг их хөндөгдөөд байдаг сэдэв биш.

-“Хэрвээ надад буу байсан бол” гэдэг дуу байх юм. Хэрвээ чамд буу байсан бол чи яах вэ. Ерөнхийдөө нэрийг нь хараад шууд “тэгвэл хэдэн дургүй хүргэсэн нөхдийг...” гэсэн дуу байгаа юм шиг санагдаж байна?
-Ерөнхийдөө бол тэгж ойлгож болно.

-Тэр дургүй хүргэсэн нөхдийн тоонд ямар хүмүүс орох вэ?
-Тэрийг хэлж болохгүй ш дээ. Тэгвэл тэгээд хүн заналхийлсэн хэрэгт орно. Хэлэхгүй ээ.

-Айдастай байна уу?
-Айдас гэх юм байхгүй. Залуу хүн бүр сайн сайхан амьдралыг л ирээдүйдээ хүсдэг. Тиймээс Монгол улсынхаа сайн сайхны төлөө бол юунаас ч айхгүй шүү дээ.

-Хип хоп үгийг бол зохиож болж байна. Харин ая нь дандаа хулгайнх байх уу?
-Тийм ш дээ. Би чинь одоо “wu-tang”, “DMX” хамтлагуудаас хулгай хийсэн... гэх нь ч хаашаа юм. Даанч тийм биш л дээ. Манайхан чинь би өөрөө зохиосон гээд ярьж байтал гадаад дуу нь гараад ирдэг. Нэг талаараа манайхны ухаан үнэхээр гайхалтай байна л даа. Өндөр хөгжилтэй орныхонтой зэрэг сэтгээд байх шиг байгаа юм. Сэтгээд бай, сэтгээд бай. Харин энэ сэтгэлгээ нь цаашдаа хэр явцтай байхыг цаг хугацаа л харуулах байх. Зэрэг сэтгэсэн юмаараа мөнгө олоод амьдраад байгаа бол амьдар, амьдар. Шудрага бус л байхгүй юу. Миний цомгийн дууны 80 хувийг ВАТ хийсэн. Би өөрөө нэг дуу хийсэн байгаа. Бас нэг дуугий нь манай найз хийсэн. Тийм учраас ямар ч хуулбар энэ цомогт байхгүй.

-ВАТ хүнээс хуулаагүй гэдэгт чи итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байна. Яагаад гэвэл бид дуугаа хамт хийдэг. Миний цомгийн продюссерээр ВАТ ажилласан. Цэвэр Монгол хүний л сэтгэлгээ байгаа даа.

-Анх хэрхэн хип хопт орсон талаар чинь яръя. Gee-г хамтлагтай байсан гэдгийг зарим хип хоп сонирхогчид мэдэх байх?
-Тийм. Би чинь “Тоглоомонд хожигч” гэдэг хамтлагтай байсан. “Дайн ба энх”-тэй харьцаатай байж, тэднээс зөвлөгөө авдаг байлаа. 2002 оноос ганцаараа дуулж эхэлсэн.

-Харин зарим нэг нь саяын хип хопчдын дуулсан “HOOD” дуун дээр “G хороолол” гэж дуулж гарч ирсэн юм болов уу л гэж бодож байгаа байх?
-Тэр дуу хүнд хүрч, хит болсон. Залхтал явсан шүү дээ. Тэндээс хип хоп мэддэггүй хүмүүс намайг олж харсан байх. Түүнээс өмнө 2005 онд “Би хулгайч биш” дуугаар минь хип хоп сонирхогчид намайг мэдэх байх. Олонх нь их дургүй байсан шүү. Одоо бол сонсогчид хэнийг хип хоп гэдэг юм гэдгийг мэддэг болчихож.

-Миний мэдэх Gee бол шал өөр хүн. Гэтэл клипэн дээр гарч байгаа чинь их зивүүн төрхийг агуулдаг. Тэр чиний имиж үү?
-Би уг нь нэг их зивүүн харагдъя гэж хичээдэггүй ш дээ. Ер нь би ямарваа нэгэн байдлыг имижээ болгодоггүй. Байдгаараа л байдаг.

-Ингэхэд Gee ямар мэргэжилтэй билээ?
-Сэтгүүлч, зураглаач хүн шүү дээ.

-Үргэлж л өргөн өмд өмсөөд л явж байдаг. Хэзээ өргөн өмднөөсөө залхах вэ?
-Мэдэхгүй. Одоохондоо уйдаагүй л байна. Костюм пиджакыг хааяа өмсөнө өө. Шинэ жилээр өмсөнө.

-Тэгээд хип хопоор Монголд мөнгө олно гэж байх уу?
-Мөнгө олдог хүмүүс байна ш дээ.

-Энэ цомгоороо мөнгө олох уу?
-Олохгүй. Ер нь хүмүүс хип хоп урлагийг болон бусад шүүмжлүүштэй зүйлийг хүмүүс ойлгоосой л гэж бодсон юм. Миний цомог угаасаа цөөхөн хувиар бичигдсэн. 500 ширхэг л байгаа. 500 айлын гэрт юм уу машинд дуугарна. Эсвэл ердөө айлын шүүгээн дээр хэвтэх байх.

-Монголын хип хоп урлаг хөгжлийн ямар шатандаа явж байна гэж чи бодож байна?
-Мэдэхгүй ээ. Би хип хопыг тийм аймаар мэддэг хүн биш шүү дээ. Тэрийг тэр судлаач, шүүмжлэгч нар нь л хэлэх байх.

-Цомгийн чинь өдөрлөг хэзээ болно гэнэ ээ?
-Баасан гаригт буюу 30-ны өдөр 10.00 цагт HiFi mega store-т болно. Хүмүүс арай эрт байна л гээд байгаа юм. Гэхдээ үнэхээр ирье гэсэн хүнд бол босдог л цаг. Яахав, ойлгох, сонсох хүсэлтэй нь ирнэ биз дээ. Надад олон хүний шаардлага байхгүй. Нэг хүн ирсэн ч надад хамаагүй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Уран бүтээлд чинь өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.

Ярилцсан М.Жаргал







бичсэн: KILARUNA төрөл: ОДДЫН АМЬДРАЛ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 442 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)