“Татар”-ын Мөөгий: Би хип хопын хүчинд өдий зэрэгтэй яваа !!!

2010-03-24,05:51

 

Хип хоп сонирхогч хүүхэд, залуусыг өөрийн гэсэн уран бүтээлийнхээ өнгө аясаар байлдан дагуулж чадсан хип хопчид бол "Татар" хамтлагийн залуус билээ. Тэднийг жинхэнэ монгол төрхийн хип хопын урсгал чиглэлийг гаргаж ирсэн гэж ярих хүмүүс ч байдаг. "Татар" хамтлагийн дуулсан "Бусдын хайрыг хүндэл", "Бороо", "Улаанбаатар", "Чамдаа зориулъя", "Эсрэг өдөр", "Freedom", "Мессеж" зэрэг дуунууд сонсогчдод хүрсэн билээ. Тус хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуунтай ярилцлаа !!! За тэгээд Сэтгэгдлээ үлдээхээ мартуузай !!!


-Танайхан ойрд яагаад чимээгүй болчихов оо. Үнэнч фенүүд чинь үгүйлээд, асууж сураглаад байх юм?
-Бид уран бүтээлээ хийгээд л явж байна. Саяхан хөдөө орон нутгаар тоглолт хийгээд ирсэн. Одоо үлдсэн зарим аймгаар тоглолт хийх бодолтой байгаа. Уран бүтээлийнхээ хажуугаар амьдрал ахуйгаа зохицуулах гээд завгүй шахам байна. Манай “Татар" хамтлагийн дуунуудыг үнэн сэтгэлээсээ сонсож, бидний уран бүтээлийг дэмжиж явдаг сонсогч фенүүддээ баярлаж явдагаа дамжуулъя. Та бүхний тус дэмийн хүчинд “Татар" хамтлаг оршин тогтнож байгаа гэдгийг хэлье. Сонсогч фенүүд байхгүй бол бидний дууг хэн сонсох билээ.

-Уран бүтээлийн ажлынхаа хажуугаар амьдрал ахуйгаа зохиуцуулах гээд завгүй байгаа гэлээ. Гэр бүлтэй болсон уу?
-Одоогоор би гэр бүлтэй болоогүй л дээ. Манай Жагаа харин сүй тавьж байгаа. Би хичээл, сургууль, шалгалт, шүүлэг гэж гүйгээд завгүй байгаа гэж хэлэх гэсэн юм. Ер нь тун удахгүй амьдралаа зохионо гэж бодож байгаа.

-Аль сургуульд, ямар мэргэжилээр сурч байгаа вэ. Одоо хэддүгээр курсээ төгсөх гэж байна вэ?
-Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнес удирдлагын чиглэлээр сурч байна. Одоо гуравдугаар курсээ төгсөх шалгалтдаа анхаарлаа хандуулаад хичээн зүтгэж явна.

-Сургуулиа төгсөөд бизнесийн ямар салбарт хүч сорих гэж байна даа?
-Бизнесийн тийм, ийм салбарт хүч сорино гэж бодсон юм яг одоохондоо алга. Ямар ч байсан сургуулиа амжилттай төгсөхийг бодож байна. Миний багын гэхүү дээ, мөрөөдөл байдаг юм. Том болоод өөрийн гэсэн спортын цогцолбортой болох юмсан гэдэг. Энэ мөрөөдөлдөө хүрч спортын клубтэй болно гэж боддог. Би спортод их дур сонирхолтой. Сагсан бөмбөг, ширээний теннисээр чөлөөт цагаараа хичээллэх дуртай.

-Бизнес, спортод анхаарлаа хандуулаад хип хопоо орхих юм биш биз?
-Аль болохоор бүгдийг нь зохицуулж амжуулахыг чармайх болно. Манай "Татар" хамтлагийн дууг хүмүүс сонсохгүй, хүлээж авахгүй болсон тэр цаг хүртэл дуулна гэж бид гурав ярьдаг л даа. Хип хопын хүчинд би өдий зэрэгтэй яваа. Хип хоп дуулаагүй явсан бол миний амьдрал ямар байх байсныг төсөөлөхөд бэрх. Энэ урлаг надад ач буянаа хайрласан шүү.

-Хип хоп дуунуудыг хүүхэд залууст буруу үлгэр дууриал үзүүлдэг гэж ярьдаг. Заавал тэгж хараал ерөөл хэлж дуулах ёстой юу?
-Залуу үеийн олонх нь сонирхож байна. Тэдний хүсэл сонирхлыг хаан боогдуулж болохгүй. Хип хопчид нийгмийн зөрчил ядуурал, хүнд суртал, авлига, хээл хахууль, гэх мэт аль болохгүй байгаа бүхнийг зоригтой өгүүлэн дуулдаг. Хип хоп анх баруунд үүсэхдээ нийгмийн муу, муухай зүйлийг жигшин бухимдлаа хараалын үгээр хэлж дуулдаг байсан. Энэ бүхнийг хүмүүс шууд эмзгээр тусгаж авч байгаа нь сайн, муу хоёр талтай юм уу даа. Хараал хэлж байгаа нь нэг талаар муу ч гэсэн. Муу бүхнээс жигших сэтгэгдэл төрүүлж байна гэдэг сайн талтай юм. Гэхдээ хип хоп дуу гэхээр заавал     муу зүйлийг шүүмжлэн дуулаад байдаг юм биш. Гэрэл гэгээтэй ухаарал хайрласан сайхан дуунуудыг ч дуулдаг шүү дээ. Манай "Бусдын хайрыг хүндэл" дуу маань ийм л сайхан дуунуудын нэг тийм болохоор бүхий л насныханд хүрсэн байх.

-Сүүлийн үед хип хопын хамтлаг дуучид зодоон, цохион хийлээ, хар тамхи татлаа гээд муу хэл ам тасрахгүй байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ?
-Уг нь урлагийн хүмүүс олон түмэнд сайн талаараа үлгэр дууриал болох ёстой. Хип хоп гэхээр өргөн өмд, навсгар хувцастай, муу бүхний уурхай болсон хүмүүс байдаг мэтээр нийгэмд ойлголт өгсөн бол буруу л даа.

Зодоон цохион, хар тамхины хэрэгт холбогдсон хамтлаг дуучдын алдаж эндсэн алдааг бусад уран бүтээлчдэд нь нялзааж ойлгож болохгүй. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Ахиж тэр алдаагаа давтахгүй ухамсарлах нь зөв болов уу. Алдаж эндсэн хүмүүсийг цааш түлхэх нь муухай л даа. Нийгмийн сэтгэхүйд нөлөөпөхөөр байнга тэр алдааг нь реклам юм шигээр яриад байж болохгүй. Эсрэгээр хүүхэд, залууст буруу үлгэр дууриал болж мэдэх талтайг анхаарах хэрэгтэй.

-Монголын хип хоп холбооны тэргүүн Баавар шинэ залуу хамтлаг, дуучдыг дарамталдаг. Мөн танай хамтлагийнхантай эв түнжин муу байдаг гэдэг хэр ор үндэстэй яриа вэ?
-Монголын хип хопын холбоо гэсэн сүржин нэрний цаана Баавар ганцаараа л байгаа шүү дээ. Тэр хүний сэтгэл зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Ажил хийх гэж буй хүнд саад бэрхшээл, сайн муу хэл ам зөндөө л тулгарна. Шинэ залуу хамтлаг дуучдыг дарамталсан тийм зүйл байхгүй байх аа. Баавартай бид муудалцсан ямар нэгэн зөрчил байхгүй. Сайн танилын хүрээнд харилцаатай байдаг. Уран бүтээл хийж байгаа хүмүүс бие биенээ ойлгож, дэмжих нь чухал. Хэн, хэндээ тус дэм болж чаддаггүй юмаа гэхэд саад болохгүй эв нэгдэлтэй байх ёстой.

-Энэ жил танай хамтлаг бие даасан тоглолт хийх үү. Кинонд тоглох бодол байгаа юу?
-Бие даасан том хэмжээний тоглолтыг энэ жил хийхгүй. Хамтарсан тоглолт шоунуудад оролцоно. Бид "Эсрэг өдөр" дууныхаа клипт тоглоход хүмүүс та гуравт хошин шогийн мэдрэмж байна гэсэн. Дараа нь "Мессеж" дууныхаа клипт зүсээ хувиргаад тоглосон чинь уран сайхны дүр бүтээлээ жүжиглэх авьяас байна гээд ярих болсон. Тэр үгэнд нь урамшаад "Аз жаргал Тhе bаd bоу" кинонд тоглосон. Энэ кино маань хүмүүст таалагдаж байхыг бодоход бидэнд жүжиглэх авьяас байгаа юм байлгүй. Кинонд тоглооч гэсэн зарим нэг санал ирсэн. Тэндээс шүүж байгаад тоглоно гэж бодож байгаа.

-Танай хамтлаг өнгөрсөн жил гадаад орнуудад аялан тоглолт хийсэн, энэ жил хилийн дээс алхаж тоглолт хийх үү?
-Өнгөрсөн жил Англи, Ирландад очиж тоглолт хийсэн. Дахин тоглолт хийх бодол байна. Гадаадад амьдардаг монголчуудаас минь дахин ирж тоглооч гэсэн санал ирээд байгаа Чухам хэзээ явж тоглолт хийх талаар төлөвлөж шийдсэн зүйл байхгүй. Бид монгол хип хопын урлагийг дэлхий дахинд танилцуулахыг хичээдэг.

Н.Отгонбаяр


бичсэн: KILARUNA төрөл: ОДДЫН АМЬДРАЛ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 373 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)